х Нийтийн тээвэр: 400 автобус …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторинг, бусад мэдээлэл

  • Ангилал

Улаанбаатар гудамжинд нийтийн тээврийн автобуснууд заримдаа багталцахгүй байна (МУБИС-ийн буудал орчимд)

Posted by ИТХ on 2013/04/13

Автобусууд (1)Автобусууд (3)

Автобусууд (6)

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Бидний мартсан хуваарь

Posted by ИТХ on 2011/09/01

Бүр 1970 онд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд чехословакийн улаан “Шкода” автобусууд явдаг байсан ба буудлууд дээр “Хүлээх хугацаа – 15 минут” гэх мэтээр бичсэн самбар байсныг ахмад үеийнхэн санаж байх учиртай. Гэтэл одоо 40-өөд жилийн дараа автобусны буудлуудад хөдөлгөөний чиглэлийг бичиж байгаа хэрнээ хугацааг огт бичихгүй байгаа нь ухралт юм.

Саяхан манай нэг түнш ОХУ-д очихдоо тэндхийн хот орчмын автобусны буудал дээр тухайн чиглэлийн автобус өглөө яг, хэдэн цаг хэдэн минутаас явж эхлэх, хэдээс хэдэн цагийн хооронд хэдэн минутын зайтай ирэх, мөн орой хэдэн цагт үйлчилгээ зогсохыг нэгд нэгэнгүй бичсэн самбарын зургийг авчирсан юм.      

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Нийслэл хотыг үдэш орой микронууд эзэгнэж байна.

Posted by ИТХ on 2010/11/26

Өдрийн цагаар нийслэлийн гудамжаар зам таглаж, буудлууд дээр багтаж ядан толхилцдог том оврын автобуснууд үдшийн 21 цагаас хойш үндсэндээ буусан байх юм. Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр 10-р хорооллын  автобусны буудал дээр 30 минут зогсоход том оврын нэг ч автобус ирсэнгүй.  Арга буюу микроавтобусанд сууж 500 төгрөгөөр Сансрын туннел хүрч харилаа. Зөвхөн хотын төв рүү ойртох тусам ганц нэг том автобус зөрж харагдсан. 

Оройдоо нийслэл хот микроны мэдэлд бүрэн очиж байна. Хэрвээ зөв зохион байгуулж чадахгүй бол хичнээн автобус гаднаас аваад нэмэргүй.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Багтаж ядсан олон автобус …

Posted by ИТХ on 2010/09/23

Ноднин 400 автобус худалдаж авснаас хойш нийслэлийн гудамжинд явдаг автобуснуудын тоо илт олширсон нь мэдэгддэг. Заримдаа хэт олширсон гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна. Ялангуяа өдрийн цагаар буудал дээр шавааралдаж харагддаг. Тэгснээ ажил тарсны дараах оройн цагаар олдохоо больж 21 цагаас хойш ихэнх нь бууж байна. Ер нь бүх шинэ автобусууд зөвхөн хотын төвөөр яваад байх шиг

 Өнгөрсөн 3-р сард өдрийн цагаар Энх тайвны өргөн чөлөөнд Баруун дөрвөн замаас зүүн тийш явдаг буудал дээр авсан зургуудийг үзнэ үү. 

Бусад зургуудийг дор дарж үзээрэй. 

Read the rest of this entry »

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

“Зөв тусгал” ТББ-ын дүгнэлт.

Posted by ИТХ on 2010/08/31

1. Тоон үзүүлэлтээр

– 2009 онд 400 автобусаар парк шинэчлэлт хийснээр нийтийн үйлчилгээний автобусны парк 57 хувиар шинэчлэгдэж, шугамын үйлчилгээнд ажиллах автобусны тоо 170-аар буюу 27 хувиар нэмэгджээ.

– Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон шинэ чиглэлийг нэмснээр өнөөдөр нийтийн тээврийн үндсэн 50 гаруй чиглэлд өдөр тутам 600-аад их багтаамжийн автобусаар үйлчилдэг болов. Ихэнх нь шинэ автобус байна

– Мэргэжлийн хүмүүсийн ярьснаар бол, нэг сая гаруй хүн амтай хотод стандартын дагуу мянга гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байж, тэдгээрээс 800 гаруй автобус өдөр тутам шугамын үйлчилгээний гарч байж хэрэгцээг хангах гэнэ. Манайх дээрх шаардлагыг хангахад нэлээд дөхөж очжээ. Гэхдээ одоо явж байгаа хуучин 100-аад автобусны хугацаа нь дуусч үйлчилгээнээс хасагдахаар байдал хүндэрч магадгүй ажээ.

2. Эдийн засгийн үзүүлэлт

– Шинээр 400 автобус үйлчилгээнд явуулж эхэлсний эдийн засгийн үр ашиг, өртөг зардлын талаар дүгнэлт хийхэд эрт, ямар нэгэн тооцоо судалгаа хараахан алга байна.

– Нийтийн тээврийн тасалбарын үнэ сүүлийн 4 жилийн турш өөрчлөгдөөгүй, 300 төгрөг хэвээрээ байна.

3. Үйлчилгээний үзүүлэлт

– 2009 оны хавраас Солонгос улсаас оруулж ирсэн 400 автобус ээлж дараалан үйлчилгээнд явж эхэлснээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан гэдэгтэй иргэд ерөнхийдөө санал нэгтэй байна. Юуны өмнө шугаманд явдаг автобусны тоо нэмэгдэж буудал дээр автобус хүлээх явдал мэдэгдэхүйц багасчээ. Хотын алслагдсан дүүрэг, хороонд явдаг шинэ шугамууд нэмэгдсэн байна. Ялангуяа төвийн шугамуудаас микроавтобусыг шахаж чадаж байна.

Анхаарах асуудлууд.

Гэхдээ олон автобус нэмэгдсэнээс зарим сөрөг үзэгдэл ажиглагдах болжээ. Улаанбаатар хотод автобусны бараг бүх шугам хотын төвөөр дайран өнгөрч байгаа нөхцөлд шинэ автобусууд олноор нэмэгдсэн явж эхэлсэн нь автобусны буудлууд дээр маш их давхардал үүсгэж байна. Буудал дээр нэгэн зэрэг 3-4 автобус зогсоход багталцахгүй болж улмаар буудлын “халаас” руу орж чадахгүй, эсвэл тэндээс гарч чадахгүй удах, жолооч нар бие биенээсээ өрсөх гэж хааж хаших нь энгийн үзэгдэл болжээ. Бас мөнгө хураагчид зорчигчдоо авах гэж шугамаа зарлан хашгирдаг болсон нь их багтаамжтай автобусны хувьд урьд өмнө байгаагүй үзэгдэл юм. Үүгээрээ микроавтобустай төстэй болж байна.

– Дүгнэж хэлбэл хотын төвөөр дайрч өнгөрдөг автобусны тоо хэт олон байна. Үүний улмаас том автобусууд өдрийн цагаар цөөн зорчигчтой явж, буудлууд дээр зорчигчоо хүлээн удаан хугацаагаар зогсож, бас л микроавтобустай төстэй болж байна. Оргил цагаар дээр дурдсанчлан бүр олноор шахцалдаж хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг мэдэгдэхүйц багасгаж чадахгүйд хүрч байгаа юм.

– Гэхдээ автобусны тоо хэт олон байгаа нь зөвхөн хотын төв хэсэгт хамаатай асуудал юм. Автобус явдаггүй буюу явдаг ч шаардлагын хэмжээнд үйлчилж чаддаггүй алслагдсан дүүрэг, хороо ба айлуудын суурьшил нийслэлийн эргэн тойронд олон байна. Тэднийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах оновчтой менежмент дутагдаж байна.

– Үйлчилгээнд явж байгаа том оврын автобусны тоо 20 цагаас хойш эрс цөөрч 21 цагаас хойш бараг үзэгдэхгүй, зарим чиглэлд огт явахгүй зогссоноор хотын нийтийн тээвэр микроавтобус, (бас таксины) мэдэлд бүрэн очиж байна. Орой тийшээгээ зорчигчдын тоо цөөрдөг, үүнийг дагаад автобусны тоо цөөрөх нь зүйн хэрэг боловч 1 сая хүнтэй их хотын амьдрал зогсолтгүй үргэлжилж, мянга мянган хүн шөнө дунд хүртэл (түүнээс хойш ч ) нааш цааш зорчсон хэвээр байдаг билээ.

– Энэхүү Daewoo BS106 L маркийн автобус нь сүүлийн үеийн шинэ, тохилог унаа боловч жолооч, кондукторуудын үйлчилгээний соёл тэр хэмжээгээр сайжраагүй гэсэн дүгнэлт хийж байна. Энэ нь одоогоор нэг ч автобус буудал зарлаж хэвшээгүй, жолооч нь хүссэн цагтаа өөрийн дуртай дуу хөгжмөө чангаар тавьдаг зэрэг наад захын зүйлээр илэрч байгаа юм.

– Дээрх 400 том оврын автобусны эдийн засгийн үр ашгийн талаар судалгаа тооцоо алга байна. Саявтар нийслэлийн нийтийн тээврийн газрын албан тушаалтан ярихдаа, 400 шинэ автобусыг эргэн төлөгдөх нөхцлөөр авсан компаниуд гэрээний дагуу төлбөрөө хийж байгаа гэсэн бол дээрх 10 компанийн удирдлагууд өмнө хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл зэрэг өр зээлээ төлж, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх шаардлагатай байгаа тул автобусны эргэн төлж эхлэх хугацааг 2012 он хүртэл нэг жилээр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан тухай мэдээлэл байна. Зарим компани огт ашиггүй ажилладаг тул зорчих тасалбарын үнийг 500 төгрөг болгох шаардлагыг ч тавьж байна. Хэрвээ эргэн төлөлт графикаас хоцрох буюу хойшлуулбал дараачийн шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авахад зориулах ёстой хуримтлалын сан бүрдүүлж ашиглах явдал хүндэрч болох юм.

– Шинэ автобусууд ямар ч байсан ашигтай ажиллаж байгаа нь тодорхой, гэхдээ оюутнууд (ноднингийн байдлаар 80 мянган оюутан үнэгүй зорчих цахим карт авчээ) болон өндөр настнуудын үнэ төлбөргүй зорчсоны нөхөн төлбөрт улсын болон нийслэлийн төсвөөс өвлийн улиралд гэхэд сардаа 1,5 сая төгрөгийг авч байна. Энэ нь гол төлөв өдрийн цагаар явалтын тоог гүйцээснээс гадна үйлчилгээний чанартай хэрхэн уялдаж байгааг нарийвчлан судалж байнгын хяналттай болгох явдал хангалтгүй байна. Анх хөнгөлөлт хэлбэрээр бий болж, ноднингоос огт үнэ төлбөргүй болсон оюутны зорчуулах нөхөн төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний татаас байдлаас аль болох холдуулж, бодит үйлчилгээ, түүний чанартай уялдсан эдийн засгийн механизм болгох зүгт өөрчлөх цаг болсон нь харагдаж байна. Жишээлбэл хөнгөлөх ёстой хүмүүстээ унааны мөнгийг гар дээр нь өгөх гэх мэт. Энд зарим талаар улс төрийн шийдвэр шаардах ч асуудал бий.

– Автобусны зарим хэсгийг хот орчмын нийтийн тээвэрт өргөнөөр ашиглах, Өлзийт, Баянгол болон нийслэлийн алслагдсан бусад гэр болон амины орон сууцны хороолол, шинэ суурьшлийн бүсийн нийтийн тээврийн үйлчилгээг эрс сайжруулах, тэнд амьдардаг айлуудын хүүхдийг сургуульд нь унаагаар хүргэж өгөх асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Энэ нь айлууд нийслэлд багталцахаа байгаа гэр хороололд нэмж буухгүй, хэт төвлөрлийг сааруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

– Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2009 онд 38.4 тэрбум төгрөг зарцуулж БНСУ-аас 400 автобус худалдан авч нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш ямар үр дүнд хүрснээс дүгнэлт хийж үзэхэд аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хангалттай хөрөнгө мөнгө зарцуулах нь (2008 онд эдийн засгийн хямрал хараахан эхлээгүй байсан тул ийм их мөнгийг нэгэн зэрэг гаргах боломжтой байсан юм) хангалтгүй бөгөөд зөв бодлого, зохион байгуулалт, менежмент дутуугуй чухал болох нь харагдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод орчин үеийн, их багтаамжтай, шинэ автобусны тоо хангалттай болсон хэрнээ нийтийн тээврийн үйлчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй нь үүний нотолгоо юм.

“Зөв тусгал” ТББ

2010 оны 8-р сар

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Нэгэн шүүмжлэлтэй байр суурь

Posted by ИТХ on 2010/08/31

“Монгол жолооч” төрийн бус байгууллагын тэргvvн М.Сайханбаяр эдгээр 400 автобусыг техникийн бол үнэ өртгийн талаас шүүмжлэлтэй хандаж бичсэн байна. Үүнээс ишлэл авья:

… Автобусанд зун, намрын дулаанд ч халаалт шаардлагатай, хэрэг болдог. Гэтэл өнөөх 400 автобусанд өвлийн халаалт ч байхгүй гэсэн. Тэгээд болоогүй ээ, хаалганууд нь хүн гэмтээж, нам цохихоор огцом, хүчтэй савж онгойж, хаагддаг, телевиз, чанга яригч байхгүй, нэмэлт толь байхгүй юм билээ. Бас гишгүүр өндөр, бүүр наанадаж дотор талын дээд болон цонх дагасан бариулууд байхгүй аж. Нонууд нь ингээд ч дуусахгүй, нийтийн тээврийн автобусны зогсоох дөрөө буюу дугуйны зогсоох-тэлэгч (тоормозны тэлэгч) нь УБ хот даяаар ёолж, гиншиж, ульж, хяхарч цуурайтдаг аж. Зөвхөн энэ үзүүлэлт нийтийн тээврийн автобусны хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Энэ нь зогсоох бүтэц (тормозная система) нь маш олон үзүүлэлтээр гэмтэлтэйн илрэл юм.

Автобусанд хамгийн чухал нь дээвэр, хана, шал¬ны дулаалга болон дуу тус¬гаарлагч байдаг, гэтэл өнөөх 400-д эд нар огт байхгүй. Тэгээд агааржуулагч, агаар солилцооны жижиг цонх байхгүй. Автобусны дотор талын босоо болон таазаар явсан бариулны тал нь байхгүй, хүн барьж явахад, өндөрт байрласан тул, гар чилж, бүр ядардаг юм билээ. Монголын сайд, дарга төрлийн бүх хүмүүс ядаж нэг удаа энэ автобусанд сууж ажилдаа ирж, гэртээ харьж үзэх хэрэгтэй.

… Татварын мөнгөөр авч байгаа 400 ширхэг автобусыг техникийн ухааны доктор, профессор, эрдэмтэд байг гэхэд ядаж ажиллаж байгаа авто машины, засвар худалдаа байнга хийдэг мэргэжлийн байгууллагын болон төрийн биш байгууллагын хөнд¬лөн¬гийн төлөөлөгчид үзэж, сонжиж, шалгаж, шаард¬лага¬тай тоноглолуудыг бүрэн тавиулж худалдаж авах ёстой байсан. Автобусанд суудаггүй, мотор болон дотор бариул нь хаана байдгийг ерөөсөө мэдэхгүй хүмүүсээр авахуулсан нь гэмт хэрэг ч юм шиг.

… Яг энэ төрлийн, ийм том автобусыг европоос ч бай, японоос ч бай, солонгосоос ч бай, хятадаас ч бай нэг ширхэгийг нь 30-35 сая төгрөгийн хооронд авах боломжтой. Хиймлээр өсгөөд, тансаг зэрэглэлд орох нэмэлт тоноглол нэмж тавиуллаа гэхэд л нэг ширхэгийг нь 37 сая төгрөгт авлаа гэж тооцъё. 400 ширхэг * 37 сая төгрөг =14 тэрбум 800 сая төгрөг болно. Гэтэл тэдний худалдаж авсан үнэ нь 400 ширхэг * 65 сая төгрөг = 26 тэрбум төгрөг. Зөрүү нь 11 тэрбум 200 сая төгрөг. Тэгээд энэ авсан байгаа 400 том автобус дэлхийн наад захын шаардлагаар жилийн дөрвөн улирал буюу 12 сарын турш, сарын 31 хоногт, өдрийн 24 цагийн ачааллыг хамгийн багадаа 1.5 жил, цаанадаж гурван жилийн хугацааны баталгаатай буюу эвдрэлгүй дааж явах ёстой

… Сар бүр, долоо хоног бүр, өдөр бүр, цаг бүр энэ 400 том автобус хурдан эвдэрч байгаагаараа, авах сэлбэгийн үнээрээ, сэлбэгүүд авчрах тээврийн үнээрээ, сэлбэг бүрээс авах гаалийн татвараараа, сэлбэг бүрийг авах, сольж тавих ажлын үнээрээ 2-3 жилийн дараа нэг бүрийн үнэ 100 сая төгрөг хол давах болно…

… Монгол Улсын нийт Монголчуудын татварын мөн¬гө болох 26 тэрбум төгрөг буюу 19.5 сая америк долларыг харийн улсын дампуурч бай¬сан үйлдвэрт хандив бол¬гохоос өмнө нээлттэй сонголт, шалгаруулалт заавал хийх ёстой байсан биз ээ.

…. УБ хотын төлөвлөлт, байшин, барилгын судалгаа хаана байна. УБ хотын түгжрэлийн судалгаа хаана байна. УБ хотын замын нөхцөл байдлын судалгаа хаана байна. УБ хотын нийтийн тээврээр явдаг хүмүүсийн ядаж сарын биш дөрвөн улирлын ачааллын судалгаа хаана байна. Мэдээж хаана ч нэг тоо, үсэг байхгүй.

Гэхдээ үүнийг нотлох буюу няцаах боломж одоогоор алга байна.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Эхний нэг жилийн ашиглалт ямар байв?

Posted by ИТХ on 2010/08/31

2009-2010 оны өвлийн саруудад Дэү маркийн автобусыг Улаанбаатарт анх удаа хүйтний нөхцөлд ашиглахад нэлээд олон тооны доголдол илэрчээ. Жирийн зорчигчид, жолооч нарын хувьд уг автобус их хүйтэн, цонх нь үргэлж цантсан байдаг гэсэн гомдолтой байв. Уг нь Монгол орон эрс тэс уур амьсгалтай, замын нөхцөл таарууг харгалзан зарим нэг нэмэлтийг хийсэн байжээ. Тухайлбал, сүүлд явуулсан 300 автобусанд нэмэлт халаагуур суулгасан ч Улаанбаатар ер бусын хүйтэн өвөл болсноос тус болоогүй гэнэ. Жолоочийн люк сэрүүцүүлэх сэнсгүй (Ниссан-д байсан) учраас зуны халуунд маш бөгчим явдаг тухай гомдол ч гарч байлаа.

Цаг агаараас гадна техникийн шинжтэй хэд хэдэн дутагдал байсныг ч тогтоожээ. Автобусууд 2010 оны 7-р сар хүртэл баталгаат хугацаатай байсны дагуу Дэү компани мэргэжлийн хүмүүсээ Монголд ирүүлж эвдрэл, доголдлуудыг гэрэл зургаар баримтжуулж авч явжээ. Дараа нь нийслэлийн нийтийн тээврийн газрынхан болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд, мөн Дэү автобусыг авсан төрийн болон хувийн хэвшлийн компанийн инженер, засварчдыг Солонгос дахь автобусны үйлдвэртээ урьж аваачин танилцуулж санал хүсэлтийг нь сонссон байна. Ингээд 2010-2011 оны өвлөөс өмнө Солонгосын тал гэмтэл, доголдлийг нарийн мэргэжлийн засварчдыг илгээж засварлуулах, зарим сэлбэг хэрэгслийг нэмж нийлүүлэх, бас баталгаат хугацаа дууссаны дараа ч техникийн эвдрэлийг засч байхаар тохиролцжээ.

Бас автобусны монгол жолооч нар ашиглалтын алдаа, жишээлбэл байнга тоормоз гишгэж явдагаас тоормозны хийн шаланк нь хугардаг, бензин, тосоо хэмнэхийн тулд хөдөлгүүрийн эргэлтийг дутуу хийснээс эвдрэл гэмтэл гардаг байжээ.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Дэу компаниас худалдаж авсан автобусны тухай хэрхэн танилцуулсан бэ?

Posted by ИТХ on 2010/08/31

– БНСУ-ын Дэү компанийн BS106 L загварын автобус

– 2008 оны шинэ загвар

– Солонгос Улсад нийтийн тээвэрт ашиглаж байгаа.

– Жолоочоос гадна зорчигчийн 24 суудалтай, 70 хvний (зарим мэдээллээр 90 хүний) багтаамжтай.

– Энэ 400 автобусыг бүгдийг 2009 оны эхний хагаст Солонгосын Улсан хот дахь Дэвү компанийн автобусны үйлдвэрт үйлдвэрлэжээ. (Зарим хүмүүс их засварт орсон хуучин автобус гэж үздэг боловч үүнийг нотлоогүй)

– Монгол орны нөхцөлд тохируулан зарим өөрчлөлт хийсэн

– Халаалтын систем, зогсоол зарлах автомат төхөөрөмж зэргийг нэмэлтээр суурилуулсан.

– Дагалдах сэлбэг хэрэг¬слийн хамт орж ирж байгаа.

– Нэг жилийн баталгаат хугацаатай

– Автобус тус бүрийн үнэ 62900 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 98 сая төгрөг.

– Солонгос улсад 85 сая воноор борлуулж байгаа.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Daewoo BS106 автобусны дэлгэрэнгүй танилцуулга (англи хэл дээр)

Posted by ИТХ on 2010/08/31

Энд дарж үзнэ үү

EXPORTER: DAEWOO BUS GLOBAL CORPORATION

MANUFACTURER: DAEWOO BUS CORPORATION

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Дахиад автобус авч магадгүй байсан тухай.

Posted by ИТХ on 2010/08/31

2009 оны 4-р сард (дээрх 400 автобусыг хүлээн авч дуусаагүй байхад) Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам БНСУ-ын “Экспорт импорт” банкнаас 20 сая ам.доллар зээлэхээр тохиролцож энэхүү мөнгөөр “Дэү” корпорацид дахин автобус захиалахаар төлөвлөсөн тухай мэдээлж байв. Хэрвээ Солонгосын “Экспорт импорт” банк 20 сая ам.долларын зээл олговол дахиад 320 том оврын автобус авч нийслэлийн нийтийн тээвэрт нийт 720 шинэ автобус нийлүүлнэ гэсэн үг юм.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Эргэн төлөгдөх нөхцөл гэж юу вэ?

Posted by ИТХ on 2010/08/31

– Дээрх 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнийхээ орлогоос 15.0 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг 5 жилийн хугацаанд Монгол улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөх юм. Автобус тус бүрээс сард 800 мянган төгрөгийг төлдөг гэсэн мэдээлэл байна.

– Эргэж төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

400 ширхэг автобусыг хуваарилсан байдал.

Posted by ИТХ on 2010/08/31

Төрийн өмчийн компаниудад 250 ширхэг автобус хуваарилжээ. Үүнд:

“Автобус-1” компанид 120 автобус,

“Автобус-3” компанид 80 автобус,

“Цахилгаан тээвэр” компанид 50 автобус.

Хувийн хэвшилд 150 ширхэг автобус хуваарилсан байна. Үүнд:

“Тэнүүн –Огоо” ХХК-д 50 автобус,

“Сутайн буянт” ХХК-д 30 автобус,

“Эрдэм транс” ХХК-д 30 автобус,

“Тэнүүн дэлгэр” ХХК-д 14 автобус,

“Автобус нэгдэл”ХХК 10 автобус,

“Атибус” ХХК-д 8 автобус,

“Мяралзаа” ХХК-д 8 автобус.

Компаниудыг сонгохдоо тэдгээрийн санхүүгийн чадамж, дулаан зогсоол, жолооч кондуктор, техникийн ажилтнууд зэрэг хүний нөөц гэх мэт олон шалгуурыг үндэслэн шийдвэрлэсэн ба эргэн төлөгдөх нөхцлөөр гэрээ байгуулан олгосон байна.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

400 автобус худалдаж авсан үйл явц хэрхэн өрнөв?

Posted by ИТХ on 2010/08/25

Сүүлийн хэдэн жилд нийслэл Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээнд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол том оврын 400 автобус худалдан авсан явдал юм. Энэ хөрөнгө оруулалт дараах байдлаар өрнөжээ.

2008.10.05.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын сонгуулийн дараа дахин томилогдоод удаагүй байхдаа буюу аравдугаар сарын 5-ны Ням гаригт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр дэх Баянхошууны зүүн салааны автобусны эцсийн буудалд очиж иргэдийн санал бодлыг сонсож, дараа нь Троллейбус, Автобус-1 компанийн үйл ажиллагаатай нь танилцаж нийтийн тээврийн салбарын ажилтан, ажилчдын төлөөлөлтэй уулзсан байна.

2008.10.08

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг судалж, авах арга хэмжээний талаар санал боловсруулах Засгийн газрын ажлын хэсгийг захирамжаар байгуулж хоёр ч удаа Засгийн газрын Засгийн газрын хуралдаан дээр танилцуулжээ. .

2008 .11.05

Уг ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 27 дугаар тогтоол гаргаж нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх, мөн авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхvvжvvлэх арга хэмжээ авах, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх зориулалтаар худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг 2008 оны Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс санхvvжvvлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгалаа. Мөн нийслэлийн нийтийн тээврийн vйлчилгээний хэвийн vйл ажиллагааг хангах vvднээс их багтаамжийн 400 автобусыг богино хугацаанд нийлvvлэх зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа их багтаамжийн автобусны vйлдвэрлэгчдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж, гvйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг хуралдааны тэмдэглэлээр ЗТБХБ-ын яаманд даалгасан байна.

Ингэхдээ нийтийн тээврийн зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хамт төлөвлөсөн байна. Үүнд:

– vйлчилгээний чиглэлvvдийн давхцалыг бууруулах, маршрут болон замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээ авч, 2009 оны нэгдvгээр сараас мөрдөж эхлэх – нийтийн vйлчилгээний тээврийн хэрэгслийн болон таксийн зогсоол, хийн тvлш тvгээх станц, нийтийн тээврийн аж ахуйн барилга байгууламж, автовокзал барих асуудлыг 2009 онд багтаан шийдвэрлэх

– нийслэлийн хvнс, барааны төвлөрсөн захуудын ажил эхлэх, тарах цаг, амралтын өдрvvдийг Хөдөлмөрийн хуульд нийцvvлэн ялгавартай тогтоох замаар замын хөдөлгөөний тvгжрэлийг багасгах арга хэмжээ авах – хотын орон сууцны болон гэр хорооллын доторх замын хөдөлгөөн хаасан хашаа, хаалтыг буулгаж, vйлчилгээ саадгvй хvрэх нөхцөлийг бvрдvvлэх

– ачааны автомашины өдрийн цагаар хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээний хvрээнд хотын захад ачааны терминал бvхий vйлчилгээний цогцолборыг бий болгох – замын цагдаагийн албаны хvн хvч, техник хэрэгслийг нэмэгдvvлэх замаар Улаанбаатар хотын гудамж, замыг 24 цагийн байнгын хяналтад оруулах гэх мэт.

Тvvнчлэн хөдөлгөөний аюулгvй байдлын эсрэг осол, зөрчилд ногдуулах хариуцлагыг өндөржvvлэх, хий болон цахилгааны эх vvсвэрээр ажилладаг тээврийн хэрэгслийг онцгой албан татвараас чөлөөлөх, нийтийн тээврийн хэрэгслээр vнэгvй болон хөнгөлөлттэй зорчих асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан хэлэлцvvлэх нь зvйтэй гэж vзлээ.

2008.11.28.

Дээрх хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын чуулганаар дэмжиж 2009 оны улсын төсөвт оруулан баталжээ. Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргах болжээ.

2008.12.17

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын явцыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулснаар, тус яаман дээр үнэлгээний хороо байгуулж, олон улсын хязгаарлагдмал тендер зарлан, тендерийн баримт бичгийг манай нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа автобусны үйлдвэрлэгчид болох Японы “Nissan motors”, “Hino motors”, БНСУ-ын “Hyundai motor”, “Daewoo Bus Global” (Дэү) компаниудад хүргэжээ. Тэдгээрээс зөвхөн “Daewoo Bus Global” компани санал ирүүлсэн бөгөөд техникийн санал нь шаардлагад нийцэж байгаа тул хуулийн дагуу тус компанитай хэлцэл хийхээр тохироод байна. “Daewoo Bus Global” компани 2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлж дуусгахаар саналаа ирүүлжээ.

Тухайн үед автотээврийн мэргэжлийн зарим хүмүүс тендер юм бол доод тал нь 2 оролцогч байх ёстой гэсэн шүүмжлэл хэлж байжээ. Бас “автобус үйлдвэрлэдэг бусад орны компаниудад хандахад 100.000 орчим ам долларын үнийн санал өгч байсан. Энэ дундаас үнийн хувьд ч бас манайд явах боломжийг нь хараад Дэү-г сонгосон. Мөн төлбөр төлөх нөхцөл дээр ч Дэү уян хатан хандсан” гэж албаны хүн ярьсан тухай хэвлэлээр мэдээлж байв.

2009-02-22.

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Дэү компанид захиалан худалдан авах 400 автобусны түрүүч 20 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж Ерөнхий сайд С.Баяр, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар оролцжээ.

2009.03.17.

Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлэгдэж байгаа 400 автобусны 2 дахь ээлжийн 40 автобус орж ирсэн ба эдгээр 40 автобусыг “Автобус-1” компанид хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Мөнхбаатар зэрэг албаны хүмүүс оролцов. Эдгээр автобус “ Үйлдвэр долоон буудал-Бэлх”, “МУБИС-Чингэлтэй-Зүрх уул”,“ МУБИС-Нисэх”, “Баянхошуу -Тэнгис кино театр” зэрэг 4 чиглэлд 3-р сарын 18-ны өдрөөс үйлчилгээнд гарахаар болжээ.

Үүнээс хойш дараачийн ээлжийн автобусуудыг хэд хэдэн удаа хүлээн авсан байна.

2009.07.15

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирж байгаа сүүлчийн ээлжийн 20 автобусыг Нийтийн тээврийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс хүлээн авч “Автобус нэгдэл” ХХК, “Мяралзаа”ХХК компаниудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов. Ингэснээр 400 автобусыг хүлээн авч дуусчээ.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

“Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” (2008 он)

Posted by ИТХ on 2010/08/23

2008 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн газраас “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл”-ийг боловсруулсан юм. Түүнд 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь 2009 онд Засгийн газраас хөрөнгө гаргаж 400 автобус худалдан авч нийлүүлэх ажлын урьдчилсан тооцоо, үндэслэл болсон байна.

Уг төсөлд нийтийн тээврийн паркийг 400 их багтаамжийн автобусаар шинэчилснээр ямар асуудлууд шийдвэрлэгдэж, үр дүнд хүрэхийг зорилт болгон дэвшүүлсэн байлаа. Тухайлбал:

– Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны парк 57 хувь шинэчлэгдэнэ

– Нийтийн тээврийн хэрэгслийн ачаалал багасгасч, үйлчилгээ хүртээмжтэй болно

– Төслийн хүрээнд орж ирэх их багтаамжийн автобуснууд нь дизель хөдөлгүүртэй, тортог утааны шүүлтүүртэй учраас агаарын бохирдлыг бууруулна

– Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангана

– Авто ослын тоо буурна

– Замын түгжирэл багасна

– Хотын хүн амын тээврийн хэрэгсэл хүлээх цагийг богиносгоно

– Нийтийн тээврийн үйлчилгэний соёл дээшилнэ

– Төсөл хэрэгжсэнээр 1150 хүн ажлын шинэ байраар хангагдах болно гэх мэт.

Ингэхдээ дээрх зорилтууд хэрэгжих нэг ёсны “болзол болгож”, парк шинэчлэлтийн зэрэгцээ үйлчилгээ эрхлэдэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээний тарифийг 400 төгрөгөөр мөрдөх, шатахууны үнийн өсөлтийн зөрүүг Засгийн газраас санхүүжүүлж, нөхөн олговрыг үйлчилгээ эрхлэгчдэд олгохгүй байх асуудлыг хамтатган шийдвэрлэнэ гэсэн байна.

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний байдал урьд нь ямар байв?

Posted by ИТХ on 2010/08/20

Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас нийт 160 гаруй их багтаамжийн автобус, автобусны сэлбэг, аккумлятор, дугуй зэргийг худалдан авч түүний засварын газрыг байгуулж нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэж байв. Гэвч 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд ороод байв.

Тодорхой нэг жишээ гэвэл, 1995-1996 онд Япон улсын тусламжаар нийлvvлсэн “Ниссан” маркийн 100 ширхэг автобусыг “Автобус-1” компани нь хvлээн авч арав гаруй жил ашиглан эдэлгээний хугацааг 2 дахин, гvйлтийн нормыг 3 дахин давуулжээ. Эдгээрээс 15 автобусыг саяас дээш, 20 гаруй нь сая километр явсан байлаа. (Зөвхөн 2008 оны 12-р сард буюу 400 шинэ автобус авах шийдвэр гарсны дараа нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүгдийг зогсоож ашиглалтаас хасах шийдвэр гаргасан юм). Энэ автобусыг манайхан өндөр үнэлдэг байжээ.

Автобус 1, Автобус 3, “Цахилгаан тээвэр” гэсэн төрийн өмчит 3 компаниас гадна хувийн хэвшлийн компаниуд нийслэлийн нийтийн тээврийн зарим хэсгийг гүйцэтгэх болж юуны өмнө хотын зах орчмын чиглэлд явж, ингэхдээ БНХАУ, БНСУ-аас цөөн тооны их болон дунд багтаамжтай хуучин автобус оруулж байсан ч шаардлага хангахгүй байв. Бас автобус компаниуд “эвэртэй” гэгддэг автобус оруулан ашиглаж эхэлсэн ч амжилттай болоогүй юм.

2008 он гэхэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 707 автобусны 53,8 хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдаж, эдэлгээний хугацаа нь дууссан, техникийн хувьд шаардлага хангахгүй болсон байлаа. Үүссэн орон зайг бага оврын автобус буюу зориулалтын бус, бас олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн хуучин микроавтобусууд эзэлж үйлчилгээнд дэм болсон ч нь хөдөлгөөний аюулгүй байдал, үйлчилгээний чанар, замын ачаалал талаасаа сөрөг нөлөө давамгайлах болжээ.

Posted in Янз бүрийн | 1 Comment »

Буудал дээр

Posted by ИТХ on 2010/07/26

 

Posted in Янз бүрийн | Leave a Comment »

Хамгийн чухлыг мартсан байна

Posted by ИТХ on 2010/05/25

Саяхан нийтийн тээврийн компаниудыг төлөөлсөн холбоод хамтарч хэвшүүлэх үйлчилгээнд хэвшүүлэх үзүүлэлтүүдээ боловсруулж гаргасан байна. Зарим автобус, микро автобусанд хадсан харагдлаа. Уншиж үзэхэд бүх зүйлийг оруулсан мэт боловч дэлхий даяар тээврийн үйлчилгээний хамгийн чухал шалгуур үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөгддөг – цагийн хуваарь барихыг ор тас “мартсан” байна. Мөн манай монголчуудын онцлог болсон – автобусны жолооч зөвхөн өөрт таалагдсан дуу, FM радиог хамгийн чанга дээр тавьж орилуулдаг тухай алга байлаа.        

Posted in Янз бүрийн | Leave a Comment »