х Нийтийн тээвэр: 400 автобус …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторинг, бусад мэдээлэл

  • Ангилал

“Зөв тусгал” ТББ-ын дүгнэлт.

Posted by ИТХ on 2010/08/31

1. Тоон үзүүлэлтээр

– 2009 онд 400 автобусаар парк шинэчлэлт хийснээр нийтийн үйлчилгээний автобусны парк 57 хувиар шинэчлэгдэж, шугамын үйлчилгээнд ажиллах автобусны тоо 170-аар буюу 27 хувиар нэмэгджээ.

– Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон шинэ чиглэлийг нэмснээр өнөөдөр нийтийн тээврийн үндсэн 50 гаруй чиглэлд өдөр тутам 600-аад их багтаамжийн автобусаар үйлчилдэг болов. Ихэнх нь шинэ автобус байна

– Мэргэжлийн хүмүүсийн ярьснаар бол, нэг сая гаруй хүн амтай хотод стандартын дагуу мянга гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байж, тэдгээрээс 800 гаруй автобус өдөр тутам шугамын үйлчилгээний гарч байж хэрэгцээг хангах гэнэ. Манайх дээрх шаардлагыг хангахад нэлээд дөхөж очжээ. Гэхдээ одоо явж байгаа хуучин 100-аад автобусны хугацаа нь дуусч үйлчилгээнээс хасагдахаар байдал хүндэрч магадгүй ажээ.

2. Эдийн засгийн үзүүлэлт

– Шинээр 400 автобус үйлчилгээнд явуулж эхэлсний эдийн засгийн үр ашиг, өртөг зардлын талаар дүгнэлт хийхэд эрт, ямар нэгэн тооцоо судалгаа хараахан алга байна.

– Нийтийн тээврийн тасалбарын үнэ сүүлийн 4 жилийн турш өөрчлөгдөөгүй, 300 төгрөг хэвээрээ байна.

3. Үйлчилгээний үзүүлэлт

– 2009 оны хавраас Солонгос улсаас оруулж ирсэн 400 автобус ээлж дараалан үйлчилгээнд явж эхэлснээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан гэдэгтэй иргэд ерөнхийдөө санал нэгтэй байна. Юуны өмнө шугаманд явдаг автобусны тоо нэмэгдэж буудал дээр автобус хүлээх явдал мэдэгдэхүйц багасчээ. Хотын алслагдсан дүүрэг, хороонд явдаг шинэ шугамууд нэмэгдсэн байна. Ялангуяа төвийн шугамуудаас микроавтобусыг шахаж чадаж байна.

Анхаарах асуудлууд.

Гэхдээ олон автобус нэмэгдсэнээс зарим сөрөг үзэгдэл ажиглагдах болжээ. Улаанбаатар хотод автобусны бараг бүх шугам хотын төвөөр дайран өнгөрч байгаа нөхцөлд шинэ автобусууд олноор нэмэгдсэн явж эхэлсэн нь автобусны буудлууд дээр маш их давхардал үүсгэж байна. Буудал дээр нэгэн зэрэг 3-4 автобус зогсоход багталцахгүй болж улмаар буудлын “халаас” руу орж чадахгүй, эсвэл тэндээс гарч чадахгүй удах, жолооч нар бие биенээсээ өрсөх гэж хааж хаших нь энгийн үзэгдэл болжээ. Бас мөнгө хураагчид зорчигчдоо авах гэж шугамаа зарлан хашгирдаг болсон нь их багтаамжтай автобусны хувьд урьд өмнө байгаагүй үзэгдэл юм. Үүгээрээ микроавтобустай төстэй болж байна.

– Дүгнэж хэлбэл хотын төвөөр дайрч өнгөрдөг автобусны тоо хэт олон байна. Үүний улмаас том автобусууд өдрийн цагаар цөөн зорчигчтой явж, буудлууд дээр зорчигчоо хүлээн удаан хугацаагаар зогсож, бас л микроавтобустай төстэй болж байна. Оргил цагаар дээр дурдсанчлан бүр олноор шахцалдаж хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг мэдэгдэхүйц багасгаж чадахгүйд хүрч байгаа юм.

– Гэхдээ автобусны тоо хэт олон байгаа нь зөвхөн хотын төв хэсэгт хамаатай асуудал юм. Автобус явдаггүй буюу явдаг ч шаардлагын хэмжээнд үйлчилж чаддаггүй алслагдсан дүүрэг, хороо ба айлуудын суурьшил нийслэлийн эргэн тойронд олон байна. Тэднийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах оновчтой менежмент дутагдаж байна.

– Үйлчилгээнд явж байгаа том оврын автобусны тоо 20 цагаас хойш эрс цөөрч 21 цагаас хойш бараг үзэгдэхгүй, зарим чиглэлд огт явахгүй зогссоноор хотын нийтийн тээвэр микроавтобус, (бас таксины) мэдэлд бүрэн очиж байна. Орой тийшээгээ зорчигчдын тоо цөөрдөг, үүнийг дагаад автобусны тоо цөөрөх нь зүйн хэрэг боловч 1 сая хүнтэй их хотын амьдрал зогсолтгүй үргэлжилж, мянга мянган хүн шөнө дунд хүртэл (түүнээс хойш ч ) нааш цааш зорчсон хэвээр байдаг билээ.

– Энэхүү Daewoo BS106 L маркийн автобус нь сүүлийн үеийн шинэ, тохилог унаа боловч жолооч, кондукторуудын үйлчилгээний соёл тэр хэмжээгээр сайжраагүй гэсэн дүгнэлт хийж байна. Энэ нь одоогоор нэг ч автобус буудал зарлаж хэвшээгүй, жолооч нь хүссэн цагтаа өөрийн дуртай дуу хөгжмөө чангаар тавьдаг зэрэг наад захын зүйлээр илэрч байгаа юм.

– Дээрх 400 том оврын автобусны эдийн засгийн үр ашгийн талаар судалгаа тооцоо алга байна. Саявтар нийслэлийн нийтийн тээврийн газрын албан тушаалтан ярихдаа, 400 шинэ автобусыг эргэн төлөгдөх нөхцлөөр авсан компаниуд гэрээний дагуу төлбөрөө хийж байгаа гэсэн бол дээрх 10 компанийн удирдлагууд өмнө хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл зэрэг өр зээлээ төлж, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх шаардлагатай байгаа тул автобусны эргэн төлж эхлэх хугацааг 2012 он хүртэл нэг жилээр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан тухай мэдээлэл байна. Зарим компани огт ашиггүй ажилладаг тул зорчих тасалбарын үнийг 500 төгрөг болгох шаардлагыг ч тавьж байна. Хэрвээ эргэн төлөлт графикаас хоцрох буюу хойшлуулбал дараачийн шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авахад зориулах ёстой хуримтлалын сан бүрдүүлж ашиглах явдал хүндэрч болох юм.

– Шинэ автобусууд ямар ч байсан ашигтай ажиллаж байгаа нь тодорхой, гэхдээ оюутнууд (ноднингийн байдлаар 80 мянган оюутан үнэгүй зорчих цахим карт авчээ) болон өндөр настнуудын үнэ төлбөргүй зорчсоны нөхөн төлбөрт улсын болон нийслэлийн төсвөөс өвлийн улиралд гэхэд сардаа 1,5 сая төгрөгийг авч байна. Энэ нь гол төлөв өдрийн цагаар явалтын тоог гүйцээснээс гадна үйлчилгээний чанартай хэрхэн уялдаж байгааг нарийвчлан судалж байнгын хяналттай болгох явдал хангалтгүй байна. Анх хөнгөлөлт хэлбэрээр бий болж, ноднингоос огт үнэ төлбөргүй болсон оюутны зорчуулах нөхөн төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний татаас байдлаас аль болох холдуулж, бодит үйлчилгээ, түүний чанартай уялдсан эдийн засгийн механизм болгох зүгт өөрчлөх цаг болсон нь харагдаж байна. Жишээлбэл хөнгөлөх ёстой хүмүүстээ унааны мөнгийг гар дээр нь өгөх гэх мэт. Энд зарим талаар улс төрийн шийдвэр шаардах ч асуудал бий.

– Автобусны зарим хэсгийг хот орчмын нийтийн тээвэрт өргөнөөр ашиглах, Өлзийт, Баянгол болон нийслэлийн алслагдсан бусад гэр болон амины орон сууцны хороолол, шинэ суурьшлийн бүсийн нийтийн тээврийн үйлчилгээг эрс сайжруулах, тэнд амьдардаг айлуудын хүүхдийг сургуульд нь унаагаар хүргэж өгөх асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Энэ нь айлууд нийслэлд багталцахаа байгаа гэр хороололд нэмж буухгүй, хэт төвлөрлийг сааруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

– Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2009 онд 38.4 тэрбум төгрөг зарцуулж БНСУ-аас 400 автобус худалдан авч нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш ямар үр дүнд хүрснээс дүгнэлт хийж үзэхэд аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хангалттай хөрөнгө мөнгө зарцуулах нь (2008 онд эдийн засгийн хямрал хараахан эхлээгүй байсан тул ийм их мөнгийг нэгэн зэрэг гаргах боломжтой байсан юм) хангалтгүй бөгөөд зөв бодлого, зохион байгуулалт, менежмент дутуугуй чухал болох нь харагдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод орчин үеийн, их багтаамжтай, шинэ автобусны тоо хангалттай болсон хэрнээ нийтийн тээврийн үйлчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй нь үүний нотолгоо юм.

“Зөв тусгал” ТББ

2010 оны 8-р сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: